сумын танилцуулга

2015-10-20 15:27

Тус сум нь 2,9 сая га газар нутагтай хойт, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянговь, Баянлиг, зүүн, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзний хошуутай хиллэж, Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Улаанбаатраас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Сумын нутагт Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Их бага хонгил, Тост, Шариг, Бумба, Шарга морьт, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө, Шугшаа, Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Сайрдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригийн ганга зэрэг олон арван км үргэлжилсэн хөндий хоолойнуудтай, Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хэний ч болов сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай. Торомхон, Нэмэгтийн баруун зүүн горхи, Салхит, Дуслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд, ходоод, гэдэсний болон хүний бие мах бодийн эмгэгийг эмчилдэг рашаан устайгаас гадна хармаг, тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр, хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, нохойн хушуу, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан, цахилдаг, зээргэнэ, бажууна, гоньд, бамбай, цурхил, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэгддэг сайн чанарын ургамлууд ихээр ургадаг.

Сумын газар нутгийн ихэнх хэсэг нь олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн орон гэгдэх бөгөөд ховор нандин олдвороороо гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татаж Зөвлөлт, Польш, Монголын палеонтологичид хайгуул шинжилгээ хийж тэдний ажил шинэ шинэ олдвороор баяжсаар ирсэн юм. Энэхүү олдворууд нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд өнө эртний аварга денозавр болон сүндэрлэж чимэг болж байна.

Мөн сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт, төмрийн хүдэр, барилгын сайн чанарын шохой, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг болон гартаам, мана зэрэг үнэт чулуу  элбэг тохиолдоно.

Сумын нутаг дэвсгэрт хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дархан цаазат амьтад, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн зэрэг махчин амьтад, хар сүүлт, туулай гэх мэтийн хөхтөн туурайтан болон ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо, болжмор гэх мэт 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий.

Гурвантэс сум нь  засаг захиргааны анхан шатны нэгж болох 4 багтай, Сумын эдийн засгийн гол суурь баазаа мал аж ахуйг болгон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эхлэлийг тавин ажиллаж байна. Тус сум нь 4502 хүн амтай 143640 толгой малтай 1390 өрхтэй  төсөвт 7 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас  гадна Холбооны салбар, ХААН банк, Төрийн банк, Голомт банк, Хас банк, Цаг уур, Хөгшөө ОНӨААТҮГ, НИК, МТ-ийн ШТС зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 39 ААН, 6 хоршоо, 5 нөхөрлөлтэй аймагт төдийгүй улсад дээгүүрт орох томоохон хөгжилтэй сум болон өргөжин хөгжиж байна.  Мөн  сумаас 55 км-т орших Дундголын давсны”уурхай,  сумаас 25 км-т орших  Чин-Хуа Мак Нарийн сухайт ХХК,  сумаас 30 км-т орших МАК ХХК , Өмнийн говийн элс ХХК,  сумаас 30 км-т Өсөх зоос ХХК, Сумаас 45 км-т орших Овоотын цэргийн анги, сумаас 70 км-т Шивээ хүрэнгийн хилийн боомт зэрэг газрууд тус суманд үйл ажиллагаа явуулж байна 

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нүүрсний чиглэлээр ЧИН ХУА МАК ХХК, ӨМНИЙН ГОВИЙН ЭЛС ХХК, МОНГОЛЫН АЛТ ХХК, ӨСӨХ ЗООС ХХКомпани, алт олборлотын чиглэлээр AGMайнинг ХХКомпани, зөөлөн чулууны чиглэлээр ЭРДЭНЭ РЕСУРС МОНГОЛИА ХХКомпани тус тус үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд Гурвантэс сум үүсч хөгжсөний түүхт 60-н жилийн ойг тохиолдуулан сумын байгалийн есөн гайхамшигаа тодруулж,  сумын лого болон тугаа шинэчлэлээ.              

Гурвантэс сумын байгалийн  үзэсгэлэнт Есөн гайхамшиг

Хэрмэн цав:   Сумаас баруун хойш 130 км-т оршдог. Эрт дээр үеийн далайн ёроол гэгдэх шавар цонж,  ганга бүхий газар юм. Эхнээс адаг хүртлээ 15 км үргэлжлэх  ба хулс, заг, жигд, товцог, сухай зэрэг модлог ургамлаар баялаг, мөн замба гүрвэл элбэг амьдардаг. Эрт  үеийн Итали, Египетийн уран баримал, барилгын дүрс санагдуулсан байгалийн үзэсгэлэнт газар юм.

Дунд голын давс:  Сумаас зүүн хойш 56 км орших бөгөөд эрт дээр үеэс одоог хүртэл давс олборлож байгаа монголын анхны уурхайн нэг юм. Дунд голын давсны уурхайгаас иодоор баялаг цагаан болон хөх давс олборлож  хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг.

Хайлаастайн хөндий: Сумаас урагш 15 км-т,  өргөн нь 100-120м, урт нь 3,5 км үргэлжлэн оршдог. Уг хөндий нь эгц ханан хадтай, өргөн сайртай ба сайрын хоёр хөвөөгөөр эрдэмтдийн судалгаагаар ойролцоогоор 300-500 жилийн настай олон тооны хайлаас ургасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм. Хайлаастайн хөндийд аргаль, янгир,  ятуу, хулан жороо, элээ, бүргэд гэх мэт ан амьтан, жигүүртэн шувууд элбэг байдгаас гадна халгай, бэвлэн, бүйлс зэрэг эмийн ургамал ургадаг.

Хүрэн ханын хэц:  Сумаас зүүн тийш 56 км-т оршдог. Өвөрмөц сонин тогтоцтой уул юм. Аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг ан амьтадтай, хар өвс, газрын хаг, хурдан цагаан, ээрэм, морин шарилж, хонин шарилж гэх мэт  эмийн ургамалуудтай. Мангир, зэрлэг сонгино ургадаг. Сарын рашаан, сарын нүдний рашаан зэрэг рашаануудтай.  Хадны сүг зураг элбэг тохиолддог.

Их хонгил:   Сумаас баруун хойш 35 км-т оршдог. Палентлогийн ховор олдвор бүхий хэдэн сая жилийн өмнөх түүх өгүүлсэн ховор сонин тогтоцтой газар нутаг бөгөөд уг хонгилд махан болон өвсөн идэшт үлэг гүрвэл, яст мэлхий, дун хясаа, автаст хөвч хэлбэртэн зэрэг эртний амьтдын яс элбэг. Их хонгилоос олдсон аварга үлэг гүрвэлийн яс манай улсын төв музейд үнэт үзмэр болон хадгалагдаж байна.

Нэмэгт хайрхан: Сумаас баруун хойш  40 км-т оршдог. Нэмэгт уул нь далайн түвшнээс дээш 2769 м өндөр, урт нь 64 км, өргөн   30 км баруунаас зүүн тийш чиглэж тогтсон уул юм. Уг хайрхан нь Аргаль, янгир,  хар сүүлт, шилүүс, суусар, мануул, чоно, ирвэс гэх мэт ан амьтантай. Мөн тас , ёл, бүргэд, харцага, хойлог, эрээн хавирга гэх мэт жигүүртэн шувуудтай. Ууланд нэн ховор замба гүрвэл, төмөр гүрвэл, төрөл бүрийн могой элбэг тохиолдоно. Мөн арц, зэрлэг сонгино ургах бөгөөд уулынхаа зүүн хойд ар бэлд байрлах рашааныг Нэмэгтийн рашаан гэдэг. Энэхүү рашаан  сумын төвөөс 60 км-т оршдог.  0,9 г/л эрдэсжилтэй, гидрокарбонат сульфад-кальци-магнийн найрлагатай Температур-12С, шүлтлэг орчин: PH-7,2. Засгийн газрын 2002 оны 251-р тогтоолоор батлагдсан рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум орон нутгийн хэмжээнд ашиглах рашааны жагсаалтад орсон.

Шарга морьт хайрхан:   Сумаас баруун зүгт 45 км-т оршдог. Шарга морьт  хайрхан баруун талдаа Баганатын рашаан, урд талдаа зүрх, нүдний рашаан, зүүн талдаа Улаан хадын рашаан гэх мэт рашаануудтай, зүүн урд талдаа домогт зандан модны буйртай, дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс ихээр нутагладаг, янгир, аргаль, ятуу, үнэг хярс гэх мэт ан амьтадтай, домогт өндөр хайрхан юм. 

Хөвдийн голын тооройн баян бүрд:  Сумаас баруун урагш 55 км-т орших бөгөөд 30 км орчим үргэлжилсэн сумандаа хамгийн олон тооройтой баян бүрд юм. 1000 гаруй нас гүйцсэн тоорой, 1000 гаруй зулзаган тоорой нийт 2000 гаруй тоорой,  20 гаруй булаг шанд,  үзэсгэлэнт сухайн дов сондуултай.  Лидэр, чихэр өвс, улаан гоёо, цагаан гоёо, зээрийн ундаа, хулангийн ундаа, хэрээн нүд зэрэг эмийн ургамалуудтай. Жигд, хармаг гэх мэт жимс ургадаг. Хулан, зээр, хярс, үнэг, чоно зэрэг ан амьтадтай. 

Зулганайн гол:  Сумаас баруун хойш 110 км-т орших бөгөөд уртаашаа 20 км, өргөнөөрөө 5 км талбай бүхий  баян бүрд юм.  Эрт дээр үед зэгсний зэрлэг гахай, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтад нутаглаж байсан.  Голын голдиролд хулс, чихэр өвс, сухай, цулхир, товцог, заг, жигд ургах ба элсэн манхануудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

                          Сүүлийн үеийн их бүтээн байгуулалт:

Улсын төсвийн хөрөнгө оруулалт:Шинэ соёлын төв, 4-р багийн контор

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт:Сумын төвийн гэрэлтүүлэг, Хогын машин, төв цэнгэлдэх хүрээлэн, 04-ын шугмын өргөтгөл , сумын төвийн камержуулалт

Хувийн хэвшилийн хөрөнгө оруулалт: 12 айлын орон сууц/ иргэн А. Занахүү З. Дэчин нар/

Уул уурхайн компануудын хөрөнгө оруулалт:

Хүүхэд залуучуудын спорт зал  / ЧинхуаМАК нарийн сухайт ххк/

3-р цэцэрлэг    / Өмнийн говийн элс ххк/

Бага сургууль, дотуур байр   /МАК ххк/

35 квт-ын өндөр хүчдэл /ЧинхуаМАК нарийн сухайт ххк/

Бусад хөрөнгө оруулалт:   Цагдаагийн албан хаагчдын орон сууц

Азийн хөгжлийн банкны санхүүжилт: Сумын төвийн цэвэр, бохирын шугам сүлжээ


Сэтгэгдэл ачааллаж байна ..