Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

сумын танилцуулга

2014-06-10

Тус сум нь 2,9 сая га газар нутагтай хойт, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянговь, Баянлиг, зүүн, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзний хошуутай хиллэж, Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Улаанбаатраас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Сумын нутагт Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Их бага хонгил, Тост, Шариг, Бумба, Шарга морьт, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө, Шугшаа, Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Сайрдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригийн ганга зэрэг олон арван км үргэлжилсэн хөндий хоолойнуудтай, Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хэний ч болов сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай. Торомхон, Нэмэгтийн баруун зүүн горхи, Салхит, Дуслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд, ходоод, гэдэсний болон хүний бие мах бодийн эмгэгийг эмчилдэг рашаан устайгаас гадна хармаг, тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр, хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, нохойн хушуу, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан, цахилдаг, зээргэнэ, бажууна, гоньд, бамбай, цурхил, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэгддэг сайн чанарын ургамлууд ихээр ургадаг.

Сумын газар нутгийн ихэнх хэсэг нь олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн орон гэгдэх бөгөөд ховор нандин олдвороороо гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татаж Зөвлөлт, Польш, Монголын палеонтологичид хайгуул шинжилгээ хийж тэдний ажил шинэ шинэ олдвороор баяжсаар ирсэн юм. Энэхүү олдворууд нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд өнө эртний аварга денозавр болон сүндэрлэж чимэг болж байна.

Мөн сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт, төмрийн хүдэр, барилгын сайн чанарын шохой, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг болон гартаам, мана зэрэг үнэт чулуу  элбэг тохиолдоно.

Сумын нутаг дэвсгэрт хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дархан цаазат амьтад, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн зэрэг махчин амьтад, хар сүүлт, туулай гэх мэтийн хөхтөн туурайтан болон ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо, болжмор гэх мэт 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий.

Гурвантэс сум нь  засаг захиргааны анхан шатны нэгж болох 5 багтай, Сумын эдийн засгийн гол суурь баазаа мал аж ахуйг болгон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байна.            

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0